Шинжлэх ухааны хамгийн хачин туршилтууд

Байгалийн шинжлэх ухааны түүхэнд хачин гэж хэлж болохоор туршилтууд олон байдаг. Тэдгээрээс арвыг нь сонгон танилцуулъя. Сонголтод багтсан туршилтуудын нэг хэсэг нь ямар ч үр дүнгүй өнгөрч, харин нөгөө хэсэг нь шинжлэх ухааны шинэ салбарууд бий болгожээ. Бас олон жилийн өмнө эхэлсэн боловч өнөө хэр нь дуусаагүй байгаа туршилтууд ч бий.

Ньютоны харайлт
Исаак Ньютон /1643-1727 он/ багадаа сул дорой, өвчин ороосон хүү байжээ. Гадаа тоглохоороо тэрбээр үе тэнгийнхнээсээ үргэлж хоцордог байв.
1658 оны есдүгээр сарын 3-нд Английн хувьсгалч, богино хугацаанд ч гэсэн тус улсын бүрэн эрхт удирдагч байсан Оливер Кромвель нас нөгчжээ. Энэ өдөр Английг ер бусын хүчтэй салхи дайран өнгөрөхөд ард түмэн нь засгийн эрхийг хууль бусаар булаагчийн араас чөтгөр өөрөө нисч ирлээ гэж ярьж байлаа. Тэр үед Ньютоны аж төрж байсан Грэнтем гэдэг жижигхэн газар хүүхдүүд уртын харайлтын тэмцээн явуулжээ. Салхи сөрж харайхаас илүү хэн салхины дагуу хол харайхаа үзэхэд Исаак бүх өрсөлдөгчөө ардаа орхисон байна.
Хожим нь тэрбээр туршилт хийж, салхины дагуу болон салхи сөрж хэдэн фут /1 фут= 30,48 сантиметр/, бас салхигүй өдөр хэр хол харайж болохыг тэмдэглэжээ. Тийнхүү тэрбээр салхины хүчийг футээр илэрхийлж болох юм гэсэн ойлголттой болсон байна. Эдгээр үсрэлтийг өөрийн анхны туршилт гэж үздэгээ Исаак алдартай эрдэмтэн болсон хойноо ярьжээ.
Ньютон физикчийн хувьд алдартай ч, түүний анхны туршилтыг цаг уур судлалд хамааруулж болох ажээ.
Зам төмөр дээрх концерт
Эсрэг тохиолдол буюу цаг уур судлаач физикийн нэг таамналын үнэн зөв болохыг нотолсон туршилт хийсэн байна.
Австрийн физикч Христиан Доплер 1842 онд гэрлийн болон дуу авианы хэлбэлзлийн давтамж нь ажиглагчийн хувьд түүнээс эсвэл түүн рүү гэрэл эсвэл дуу авианы эх сурвалж хөдөлж байгаа эсэхээс хамааран өөрчлөгдөх ёстой гэсэн таамналыг дэвшүүлж, онолын хувьд үндэслэлтэй болгожээ.
1845 онд Холландын цаг уур судлаач Христофер Бейс-Баллот нь Доплерийн таамналыг шалгахаар шийджээ. Тэрбээр ачааны давцантай уурын галт тэрэг хөлсөлж, тавцан дээр хоёр бүрээчийг суулгаад, тэднийг соль нотыг барьж байхыг хүсчээ /хоёр бүрээчийн нэг нь нотоо татаж байх хооронд нөгөө нь агаар авах замаар дуу авиа тасрахгүй байх юм/. Утрехт болон Амстердамын хооронд орших нэг жижиг өртөөний зорчигчийн тавцан дээр цаг уурч хөгжмийн зэмсэггүй, гэхдээ хөгжмийн маш сайн сонсголтой хэдэн хөгжимчнийг гаргажээ. Ингэсний дараа уурын галт тэрэг бүрээчидтэй ачааны тавцныг янз бүрийн хурдтайгаар сонсогчидтой тавцны хажуугаар чирэн явж, харин сонсогчид ямар нот тоглож байгааг сонсчээ. Дараа нь ажиглагчид уурын галт тэргэн дээр явж, харин бүрээчид зорчигчдын тавцан дээр зогсоод тоглосон байна. Туршилт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Доплерын зөв болох нь нотлогджээ.
Дашрамд хэлэхэд, Бейс-Баллот Холландын цаг уурын албыг үүсгэн байгуулж, өөрийн нэрээр хууль гаргаж /дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст салхи руу нуруугаа харуулбал, бага даралтын орон таниас зүүн тийш байна/, Петербургийн шинжлэх ухааны академийн гадаад сурвалжлагч-гишүүн болсон байна.
Аяга цайнаас үүссэн шинжлэх ухаан
Биометрийг /биологийн туршилтуудын дүнг боловсруулах математикийн статистик/ үндэслэгчдийн нэг, Английн ургамал судлаач Роберт Фишер 1910-1914 онд Лондонгийн ойролцоох агробиологийн станцад ажилладаг байжээ.
Хамт ажиллагсад нь дан эрчүүд байсан бөгөөд нэгэн удаа замаг судлаач эмэгтэйг ажилд авсан байна. Түүний төлөө таван цагийн нийтийн өрөө гаргахаар шийджээ. Эхний удаа цай уух үеэр Английн хувьд мөнхийн сэдвээр буюу цай руу сүү хийх нь зөв үү эсвэл сүүн дээр цай хийх нь зөв үү хэмээн маргав. Зарим нэг нь адилхан хэмжээтэй бол амтанд ялгаа гарахгүй гэхэд, шинэ ажилтан эмэгтэй Мюриеэль Бристоль “буруу” хийсэн цайг /Английн язгууртнууд цайн дээр сүү хийхийг зөв гэж үздэг/ хялбархан ялгана гэж нотолжээ.
Хажуугийн өрөөнд орон тооны химичээ янз бүрийн аргаар нэлээд хэдэн аяга цай бэлтгүүлэхэд, Мюриэль хатагтай өөрийн нарийн мэдрэмжтэйг харуулсан байна. Үр дүн нь баттай байхын тулд туршилтыг хэдэн удаа давтаж болох талаар Фишер боджээ. Хэрвээ хоёрхон аяга байвал бэлтгэсэн аргыг таах нь цэвэр тохиолдлын байж болох юм. Хэрвээ гурав эсвэл дөрөв байвал тохиолдол бас л үүрэг гүйцэтгэнэ.
Энэ бүх бодлоос 1925 онд хэвлэсэн, “Эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан статистикийн аргууд” гэдэг гайхалтай ном төржээ. Фишерийн аргыг биологичид болон эмч нар өнөө ч ашиглаж байна.
Энд тэмдэглэхэд, цай уухад оролцсон хүмүүсийн нэгний дурссанаар Мюриэль Бристоль бүх аягтай цайг зөв таасан гэдэг.
Дашрамд хэлэхэд, Английн дээдсийн хүрээнийхэн сүүн дээр цай бус, цайн дээр сүү хийдгийн учир нь физикийн үзэгдэлтэй холбоотой ажээ. Язгууртнууд шаазан аяганаас цай уудаг байсан бөгөөд эхлээд аяганд хүйтэн сүү хийгээд дээр халуун цай хийвэл баларлаа л гэсэн үг. Жирийн англичууд цайг шаазан эсвэл цагаан тугалган, сэнжтэй аяганаас уудаг байжээ.
Гэрийн Маугли
1931 онд Америкийн биологич гэр бүл болох Уинтроп болон Люэлла Келлог нар ер бусын туршилт хийсэн байна. Чоно болон сармагчны дунд өссөн хүүхдүүдийн гунигтай хувь заяаны тухай нийтлэлийг уншаад биологичдод сармагчны моншийг хүний гэр бүлд хүмүүжүүлбэл яах бол, хүнтэй ойр адил болох болов уу гэсэн бодол төржээ. Эхлээд эрдэмтэд бяцхан хүү Доналдыгаа Суматра арал руу илгээж, орангутануудын байлгаж үзэх гэсэн боловч мөнгө нь хүрэлцээгүй байна. Харин Йелийн, хүнтэй төстэй сармагчныг судалдаг төв шимпанзегийн Гуа гэж дууддаг эм зулзагыг судлаачдад өгчээ. Тэгэхэд Монш долоон сартай, Доналд хүү 10 сартай байжээ.
Бараг 20 жилийн өмнө Оросын судлаач Надежда Ладыгина нэг орчим настай шимпанзег хүүхэд шиг гурван нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлэх гэсэн боловч сармагчныг хүн шиг болгох гэсэн туршилт нь бүтэлгүйтсэнийг Келлогийнхон мэдэж байжээ. Гэхдээ Ладыгина хүүхдийн оролцоогүйгээр туршилтаа явуулсан учир Келлогийнхон хүүгээ сармагчинтай цугт нь хүмүүжүүлэхээр амжилтад хүрнэ гэсэн найдлага тавьж байв. Үүний сацуу ой хүрч байгаа амьтныг дахин хүмүүжүүлнэ гэдэг бараг л оройтсон хэрэг болохыг үгүйсгэх аргагүй байлаа.
Гуа шинэ гэр бүлдээ дасч, Доналдтай адилхан хүмүүжих болжээ. Тэд бие биедээ таалагдаж, удалгүй салгахын аргагүй найзууд болсон байна. Туршилтын явцыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэж байлаа. Үнэртэй усны үнэр Доналдад таагдаж байхад, Гуад таалагдахгүй байв. Таазнаас утсаар дүүжилсэн жигнэмгийг савааны тусламжтайгаар яаж авахыг хэн нь түргэн сэтгэхийг туршжээ. Бас хүү, сармагчин хоёрын нүдийг боосны дараа нэрээ нь дуудахад, хаана дуу гарч байгааг хэн нь сайн мэдэхийг туршсан байна. Энэ хоёр шалгуурт Гуа ялжээ. Харин Доналдад харандаа, цаас өгөхөд, тэрбээр өөрөө ямар нэг юм зурж байхад, сармагчинд харандаагаар юу хийж болохыг заах хэрэгтэй болсон байна.
Сармагчныг зааж сургах замаар хүнд ойр болгох оролдлого удалгүй бүтэлгүйтжээ. Гуа үргэлж хоёр хөл дээрээ явж, халбагаар хоол идэж, хүний хэл яриаг жаахан ч гэсэн ойлгодог болсон боловч таньдаг хүмүүс нь өөр хувцас өмсөөд ирэхээр танихгүй, “аав” гэдэг ганц үгийг хэлүүлж чадаагүйн дээр тэр хүүхдийн тоглодог жирийн тоглоомоор тоглож ч сураагүй байна.
Дональд хүү ой долоон сартай болохдоо ойр зуур ярьж чадахгүй, мэддэг ердөө гуравхан үгтэй байсан учир туршилтыг зогсоохоос өөр аргагүй болжээ. Тэгээд бас хүү юм идмээр байгаагаа сармагчин шиг илэрхийлдэг болсон нь эцэг, эхийнх нь айдсыг төрүүлсэн байна. Хүүгээ аажмаар дөрвөн хөллөж явдаг болж, хүний хэл яриа сурахгүй нь гэж тэд үзээд, Гуаг судалгааны төв рүү буцаажээ.
Дальтоны нүд
Туршилт хийгчийн хүсэлтээр түүнийг үхсэний дараа хийсэн туршилтын тухай энд өгүүлнэ.
Английн эрдэмтэн Жон Дальтон /1766-1844 он/ физик, химийн салбарт олон нээлт хийсэн, тэрчлэн дальтонизм буюу өнгө ялгадаггүй харааны гажгийг анх тодорхойлсон хүн юм.
Дальтон өөрөө 1790 онд ургамал сонирхдог болсныхоо дараа ийм өвчтэйгөө анзаарчээ.Текстэд цагаан эсвэл шар цэцгийн тухай ярьж байвал төвөггүй ойлгодог бол, час улаан, улаан ягаан эсвэл хүрэн улаан гээд цэцгийг ялгаад ирэхлээр Дальтонд цэнхэр өнгөнөөс ялгаагүй юм шиг санагддаг байжээ. Номонд ургамлыг тодорхойлж бичихээр эрдэмтэн өөр хэн нэгнээс, энэ цэнхэр цэцэг үү, эсвэл ягаан цэцэг үү гэж асуух хэрэг цөөнгүй гардаг байв. Түүнийг ингэж асуухад хүмүүс хошигнож байна гэж боддог байжээ. Дальтоныг түүн шиг удамшлын гажигтай ах нь л ойлгодог байсан гэнэ.
Дальтон өөрийн харж буй өнгөө найз нөхөд, танилуудынхаа хараад хэлж буй өнгөтэй харьцуулаад, түүний нүдэнд ямар нэг цэнхэр өнгийн гэрлийн шүүлтүүр байна гэж үзжээ. Тэгээд өөрийн лаборантдаа үхсэнийх нь дараа нүдийг нь авч үзээд, нүднийх нь алимыг дүүргэсэн эд цэнхэрдүү өнгөтэй байгаа эсэхийг шалгаж үзэхийг захисан байна.
Лаборант эрдэмтний гэрээслэлийг биелүүлсэн боловч, түүний нүднээс онцгой зүйл олоогүй байна. Тиймээс Дальтоны харааны мэдрэлд гажиг байсан байх гэж лаборант таамаглажээ.
Дальтоны нүд Манчестерийн утга зохиол-гүн ухааны нийгэмлэгт спирттэй саванд хадгалаастай байсныг 1995 онд ген судлаачид торлогийнх нь ДНК-г судалжээ. Тэгээд нүднээс дальтонизм өвчний генийг л илрүүлсэн байна.
Хүний харах эрхтэн дээр хийсэн өөр хоёр хачин туршилтыг энд дурдахгүй байх болохгүй юм. Исаак Ньютон зааны яснаас нимгэн, махир зонд зүсч аваад, өөрийнхөө нүдэн дээр тавиад, нүднийхээ алим руу даржээ. Ингэхэд нүдэнд оч гялсхийж, өнгө өнгийн цагираг үүссэнийг агуу эрдэмтэн тайлбарлахдаа «гэрэл нүдний торлогт даралт үзүүлж байгаа учир бид эргэн тойрноо хардаг» гэсэн дүгнэлт хийсэн байна. 1928 онд зурагтыг анх санаачлагчдын нэг Английн зохион бүтээгч Жон Бэйрд хүний нүдийг дамжуулагч камер болгон ашиглахыг оролдсон нь амжилтгүй болжээ.

0 Response to "Шинжлэх ухааны хамгийн хачин туршилтууд"

Post a Comment